Sunday, July 22, 2012

Хөгжил


Хоёр сар амарсны эцэст нэгэн ажилд орлоо. Хоёр жил гарны өмнө энэ компанид орох юмсан гэж бодож байсан, бас тэр үедээ боломжгүй юм шиг санагдаж байсан газартаа нэг мэдсэн чинь орчихсон байх юм. Хүн ер нь мөрөөдөөд л байвал бүтээд л байдаг юм шиг ээ. Бодлын хүчний талаар “Нууц” гээд нэг ном байдаг даа. Яг л тэрэн дээрх шиг, анзаараад харахаар урд нь бодож мөрөөдөж байсан ихэнх зүйл минь биелэлээ олсон байх юм.

Тиймээс сүүлийн үед би Монгол орон минь “сайн” хөгжлөөр хөгжин, мандан бадраасай гэж дандаа бодох болсон. Хүн бүр л үүнийг бодоод, өөр өөрсдийн салбартаа хүчээ өргөж байхад бүтэхгүй зүйл гэж хаана байхав. Гэхдээ хөгжил гэж юу вэ? Энэ талаар өөрийн бодлоо хуваалцъя.
Явцуу утгаар хөгжил гэдгийг урд өмнөхөөсөө илүү боловсронгуй болох үйл явц гэж ойлгож болох байх. Гэхдээ хөгжил нь магадгүй хүн бүрт л өөр өөр нөлөө үзүүлнэ. Заримд нь сайн, заримд нь муу. Ерөнхийдөө урт хугацааны туршид ард иргэддээ бүгдэд нь сайн сайхан зүйл авчирч байвал сайн хөгжил болох болов уу. Гэхдээ хүн бүр үүнийг сайн гэж хүлээж авах нь ч эргэлзээтэй. Хүн бүрийн харах өнцөг, хэмжүүр өөр өөр болохоор (Би ч өөрөө магадгүй буруу зүйл бодоод түүндээ итгээд явж байж ч магадгүй). Гэхдээ нэг мартаж болохгүй зүйл нь хүн өөрөө байгалын амьтан. Энэ гараг ертөнц, байгал эх болон бусад ан амьтан бүгд маш нарийн холбоосоор холбогдож байдаг. Үүнийг л өөрчилж, сүйтгэж, бусад амьт бие болон байгал дэлхийдээ гай гамшиг учруулахгүйгээр сайн сайхныг, ая тухтай зүйлсийг авчирч байвал тэр сайн хөгжил байх гэж бодож байна. Гэхдээ агуулга нь ямар ч байлаа , ард иргэд бүгд гэгээрсэн үед л бий болох тэр хөгжил хамгийн төгс хөгжил мөн болов уу.

Тэгвэл өнөөдөр Монгол улс ямар хөгжлөөр замнах хэрэгтэй юм бол оо? Хөгжил гэж магадгүй нэг л зүйл байх. Гэхдээ түүнд хүрэх арга зам, систем тогтолцоо улс бүрт, цаг үе болгонд өөр өөр байсаар ирсэн. Өнөө үед дэлхий дээр зонхилж буй үнэ бүхнийг тодорхойлох зах зээлийн эдийн засгийн тогтолцоо ч олон дутагдалтай гэгддэг. Гэхдээ ямар ч тогтолцоо бай, түүнийг бүрдүүлж буй хүмүүс өөрсдөө тогтолцоог гажуудуулах зүйлсийг бий болгосоор байдагт гол учир байдаг биз. Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт системээс салаад зах зээлийн тогтолцоо руу шилжсэн гэх ч үнэн хэрэгтээ өмнөх системээсээ салж чадаагүй гэж олон хүн шүүмжилдэг. Үнэхээр ч улс төрийн оролцоо хаа сайгүй дэндүү их нь бидний өдөр тутмын амьдралд ч мэдрэгддэг. Тиймээс нэгэнт энэ тогтолцоогоор замнахаар сонгосон л бол улс төрийг эдийн засгаас салгах нь нэн чухал хийх зүйлсийн нэг билээ. Өнөөдөр Монголд хамгийн том нөлөө бүхий байгууллага юу вэ гэхээр төр л байх болов уу. Гэтэл бусад хүчирхэг эдийн засагтай орнуудад нөлөө бүхий том байгууллагууд нь төрөөр хязгаарлагдахгүй. Японы Тоёота, Швейцарийн Nestle зэрэг тив дамнасан компаниуд нь тухайн улсынхаа нөлөөнд байхын аргагүйгээр олон улс оронд үйл ажиллагаа явуулж байдаг. Эдгээр компаниуд нийгэмд баялаг бүтээх, хүмүүсийг ажлын байраар хангах, хувьцаа эзэмшигчиддээ үйл ажиллагааныхаа орлогоос хуваарилах зэрэг үндсэн үйл ажиллагаанаас гадна, энгийн иргэдийг тухайн салбарын мэдлэг мэдээллээр хангах, хэрэглэгчдийн болон нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зэрэг олон давхар үүрэг хүлээж байдаг. Тиймээс ч төрөөс хамааралгүйгээр, нэгэн зорилгын дор нэгдэн нийлж “жинхэнэ” баялгийг бүтээх хүмүүсийн нэгдэл буюу компани байгууллага олноор төрөн гарч, дотооддоо төдийгүй гадаадад үйл ажиллагаа явуулан, эдийн засгаа дэмжин ажиллах нь Монгол орныг хөгжилд хөтлөх нэгэн тодорхой зам биз ээ.
Ажиглаад байхнээ Монголын бүхий л түвшинд дутагдаад байгаа нэг зүйл нь менежмэнт юм шиг. Ихэнх газарт ажил үүргийн хуваарилалт нэг л тодорхойгүй, хэн нь юу хариуцаад хэн нь юу хийх гээд, хэн нь юугаа мэдэх ёстой ч юм бүү мэд ээ. Тус тусдаа ажлаа хийгээд л байдаг. Гэвч эдгээр нь хоорондоо хэрхэн уялдаж холбогдоод байгаа нь тодорхойгүй. Зарим ажил давхардаад, зарим ажлыг хариуцах хүн байхгүй байх нь энүүхэнд. Уг нь манайд зөндөө л мундаг, чадалтай, эрдэмтэй, сэтгэлтэй хүмүүс байгаад байх шиг л байгаа юм. Даанч тэд нарыгаа байх ёстой газар нь байлгаж, хийлгэх ёстой зүйлүүдийг хийлгүүлж чадахгүй байгаад, нэг үгээр хэлэхэд дээр дооргүй менежмэнт гэж зүйл муу байгаад л учир байгаа юм болов уу гэж мөхөс оюундаа мунхаглах юм.

Заа заа баахан л шүүмж бичлээ. Үнэндээ өөрөө хийсэн бүтээсэн зүйлгүй байж бусдыг шүүмжилж байгаадаа ичиж л байна. Гэхдээ бүр юу ч хийхгүй байснаас ядаж үзэл бодлоо илэрхийлж, бусадтай хуваалцах нь нэг алхам юм болов уу гэж бодогдох юм. Зөвхөн энэ мөчид төрсөн бодлоо сийрүүлсэн тул алдаа эндээтэй зүйл байвал өршөөгөөрэй.