Thursday, October 18, 2012

Сонирхолтой эдийн засаг


          Би эдийн засгийн онолын хичээлд тийм ч дуртай биш л дээ. Хэтэрхий их хэцүү математик яриад, яг тэр нь амьдралд хэр ойр байдаг юм бол гэж гайхдаг. Тиймээс ч арай илүү практиктай ойр юм судлая гэж бодсоор ирсэн. Магадгүй ингэж бодсон маань энэ салбарт сонирхолгүйдээ гэхээсээ илүү математикийг нь чаддаггүй болохоороо зугтаж явсаар ирсэн гэвэл илүү үнэнд ойр байх. Харин энд маш их таалагдсан нэгэн эдийн засгийн онолын талаар бичье. Хитоцүбаши Их сургуульд байхдаа Хорст Хануш профессорын лекцнээс сонссоноо товчлоод орууллаа. Энэхүү онол нь сүүлийн үед ялангуяа Москвад их моданд орж байгаа юм гэсэн.

Шумпетрийн шинэ нийлмэл онол  (Comprehensive Neo Schumpeterian Economics)

          Шумпетрийн онолд эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөх хүч нь инноваци ба энэ нь эдийн засгийн хөгжлийн хэвийн урсгалыг эвдэж, цоо шинэ өндөрлөгт хүргэнэ хэмээн үздэг. Ингэхдээ өмнө байсан хэв маягийг эвдэж, шинэ зах зээлийг бий болгох ба энэ үйл явцын гол тоглогч нь интрепрёнр болон компанийн судалгаа хөгжлийн хэлтэс хэмээн үздэг байна. Хэдийгээр энэ динамик процессийг судалснаар эдийн засгийн хөгжлийг тайлбарлаж болох авч, өнөөг хүртэлх судалгаанд нийт эдийн засгийн зөвхөн бодит үйлдвэрлэл талыг анхаарсаар ирсэн хэмээн Хануш багш үзсэн байна. Тиймээс Шумпетрийн шинэ нийлмэл онолдоо тэрээр санхүүгийн салбар болон улсын салбарын чухлыг мөн онцолжээ.

          Өөрөөр хэлбэл, аливаа улсын эдийн засгийн хөгжил гурван багана дээр тогтдог ба эдгээр нь үйлдвэрлэл буюу бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл, улсын салбар гурав юм. Эдгээр гурван баганын жигд өсөлтөөр нийт эдийн засгийн хөгжил тодорхойлогдох ба аль нэг баганын дутуу дулимаг хөгжил нь нийт эдийн засгийн хөгжлийг хязгаарладаг байна. Эдгээр баганууд нь хоорондоо нягт уялдаатайгаар харилцан бие биедээ нөлөөлөх замаар хөгжиж явдаг. Тэгвэл багана тус бүрийн талаар цухас дурдъя.
          Үйлдвэрлэлийн салбар нь улс орны баялаг бүтээх гол талбар бөгөөд энэ салбарын гол тоглогч нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил, компаниуд юм. Мэдээллийн эрин эхлэхтэй холбоотой мэдлэг мэдээллийг дэлхийн хаанаас ч солилцох, олж авах боломж бүрдэн, энэ нь бизнесийн салбарын хөгжлийг улам бүр хурдасган, өрсөлдөөнийг улам бүр ширүүсэхэд нөлөөлж байна. Мэдээллийн эриний нөлөөллөөр глобалчлал хэмээх ойлголт бий болж, улс орны үйлдвэрлэгчид дотооддоо төдийгүй дэлхийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулах боломж болон шаардлага гарч ирсээр байна. Үйлдвэрлэгчид энэ их өөрчлөлтийн давалгаанд тэсэж үлдэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээ холбоотой шинжлэх ухааны нарийн мэдлэг мэдээллийн чухлыг ойлгон, судалгаа хөгжил буюу R&D-д ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна.
 
          Интрепрёнр нь зээл олгогчид хөрөнгө оруулах боломжийг олгодог, зээл олгогч нь интрепрёнрт хөрөнгө олж авах боломжийг нээж өгдөг хэмээн Шумпетр энэ хоёрын салшгүй холбоог дурдаж байжээ. Өөрөөр хэлбэл зээл олгогч болон хөрөнгийн зах зээл нь бодит эдийн засгийн үйл ажиллагаанаас дутахааргүй чухал юм. Санхүүгийн салбар нь үйлдвэрлэлийн салбарын хөгжилтэй зэрэгцээд байнга өөрчлөгдөн хувьсаж явдаг. Жишээ нь, асар их эрсдэлтэй боловч дэвшилтэт технологи, шинэлэг санаа бүхий вентурууд гарч ирсэнтэй холбоотой вентур хөрөнгө оруулагчид мөн бий болсон нь үүний тод жишээ юм. Хэдийгээр санхүүгийн салбарыг тодорхой бус байдал үргэлж дагаж байдаг ч, урт хугацааны чиг хандлагыг тодорхойлох шаардлагатай. Учир нь хувийн салбар дахь шинэлэг санаа, мэдлэг үйлдвэрлэх процесс нь урт хугацаа шаарддаг ба санхүүгийн салбар, хувийн салбар 2 нь үргэлж хамтдаа хөгжиж явах хэрэгтэй учраас юм. Чухам энэхүү тодорхой бус байдал ба урт хугацааны хандлага хоёрын зөрүүнээс болж бодит эдийн засаг буруу тайлбарлагдан, улмаар санхүүгийн хямрал болдог. Тиймээс санхүүгийн хямралаас сэргийлэхийн тулд мөнгөний бодлого болон төв банкны үүргийг дахин нэг бодолцох хэрэгтэй хэмээжээ. Өнөөгийн төв банкны үүрэг бол хэрэглээний үнийг тогтвортой байлгах, инфляцийг бага хэмжээнд барих явдлаар хязгаарлагдах боловч инновациар хөтлөгдсөн эдийн засгийн хөгжлийн үед эдгээр нь хангалтгүй хэмээжээ. Хануш багшийн үзэж буйгаар төв банк нь бодит эдийн засаг болон санхүүгийн зах зээлийн хоорондын холбоог ажиглаж, үнийн хөөрөгдлийг бус санхүүгийн зах зээлийн хөөрөгдлийг зохицуулахад анхаарах хэрэгтэй аж.

          Инноваци болон бүтээлчээр эвдэн сүйтгэх ажиллагааны үр дүнд зах зээлийн механизмийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг (market failure) ба үүнийг улсын салбарын мэдэлд даатгадаг. Энэ нь хоёр янзаар илэрч болно. Жишээлбэл, эхнийх нь, хувь хүмүүс урт хугацаанд үр дүнгээ өгдөг боловсролын салбарын ач холбогдлыг дутуу үнэлэн энэ чиглэлд хөрөнгө оруулахаас татгалзах буюу инновацийн боломжийг алдах явдал юм. Хоёр дахь нь, технологийн шинэчлэл явагдсаны үр дүнд боловсон хүчний хоцрогдол үүсч, төрийн оролцоогүйгээр үүнээсээ гарч чадахгүй байх явдал юм. Энэ 2 тохиолдолд төрийн урт хугацааны зөв бодлого шаардлагатай. Татварын систем, улсын төсвийн алдагдлын хэмжээ, тэтгэвэр болон эрүүл мэндийн даатгал зэрэг улсын салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө их билээ. Нөгөө талаас улс орны эдийн засаг үйлдвэрлэл өсөх тусам улсын зардлын хэмжээ дагаад ихэсч байдаг (Wagner‘s Law). Тиймээс өсөн нэмэгдсээр буй улсын салбар оролцоо болон тэгш бус хуваарилалтыг үүсгэж эдийн засгийн хөгжилд саад болж болзошгүй хувьчлалын асуудлаас зайлсхийхын тулд Вагнерын хуульд чанарын хэмжээсийг нэмэх нь зүйтэй хэмээн Шумпетр үзжээ.
Өөрөөр хэлбэл нийт эдийн засаг нь үйлдвэрлэл, санхүү, улсын гэсэн 3 баганан дээр тулгуурлан хөгжих ба үүний гол хөдөлгөгч хүч нь инноваци байж, энэхүү хөгжлийг чанарын дэвшил гэсэн хэмжээсээр тодорхойлно гэдэг нь Шумпетрийн шинэ нийлмэл онолын гол санаа юм.

 
          Тэгвэл эдгээр 3 баганыг Америк, Япон, Монгол улсуудын эдийн засгийн хувьд 1980-аад оноос өнөөг хүртэл хэрхэн өөрчлөгдөж ирснийг харцгаая. Үйлдвэрлэлийн баганыг ДНБ-р, санхүүгийн баганыг тухайн улсын бирж дээр бүртгэлтэй компаниудын нийт хувьцааны үнэ цэнээр, улсын салбарын баганыг засгийн газрын зардлаар төлөөлүүлсэн ба ингэхдээ инфляцийн нөлөөллийг хасаагүй болно.

 
          Америкийн хувьд, 1980-иад оноос 2010 он хүртэл үйлдвэрлэл болон санхүүгийн салбар аль аль нь маш хурдацтай өсч, түвшин ч ойролцоо хэмжээнд байна.
 
 

          Харин энэ хугацаанд Япон улсын хувьд үйлдвэрлэл ихээр өссөн боловч, санхүүгийн салбарын үзүүлэлт буурсан байна. Улсын зардлын хувьд мэдээлэл олж чадаагүй боловч, бусад оронтой харьцуулахад ДНБ-д эзлэх хувь нь бага, өсөлт нь ч удаан гэгддэг. Япон улс сүүлийн 20 жилийн туршид “Алдагдсан 20 жил” хэмээх тодотголтойгоор эдийн засгийн өсөлт нь удааширч зогсолтонд орсон нь энэ графикаас харахад тодорхой байх. Бүтээгдэхүүн болон чанарт хэтэрхий их анхаарч, менежмэнтийг орхигдуулсан, ажилчдыг насаар нь ажиллуулах уян хатан бус систем нь үр өгөөжөө өгөхөө больсон, инноваци явагдахаа больсон зэрэг нь гол шалтгаан хэмээн тэд өөрсдөө тайлбарладаг.


          Харин Монголын хувьд энэ 3 үзүүлэлтийг харьцуулахад, үйлдвэрлэлийн салбар ихээр өссөн боловч, санхүүгийн салбар маш сул байгаа нь харагдаж байна. Улсын зардлын хувьд санхүүгийн салбартай адил хэмжээтэй байна. Монголд ардчилал гарснаас хойш олигтой үйлдвэрлэл байхгүй явсаар 2000 он гарч, газрын баялагын олборлолтоор бодит эдийн засаг өсч эхэлсэн. Гэвч ингэхдээ нэмүү үнэ цэнийн үйлдвэрлэл явагдсан гэхээсээ илүүтэйгээр бэлэн баялгийг ухаж зарснаас өссөн өсөлт билээ. Тэгвэл одоогоор Монголын эдийн засгийн хөгжил тогтвор муутай байгаа нь харагдаж байна. Шумпетрийн шинэ нийлмэл онолоор эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхийн тулд  бодит үйлдвэрлэлээс гадна санхүүгийн зах зээл, нийтийн салбарыг хамтад нь жигд авч явах хэрэгтэй юм.

 

Tuesday, October 2, 2012

Монголын хөгжил миний нүдээр

Хөгжил гэдэг нь нэмүү үнэ цэнийн үйлдвэрлэл, баялаг бүтээх үйл явц, харин хөгжилд хүргэх зам нь нэгдэн нийлсэн хүмүүсийн зөв зүйтэй тогтолцоо гэж би ойлгодог. Өөрөөр хэлбэл зөв менежмэнтийн дагуу зохион байгуулагдсан хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн нь хөгжил билээ. Энэ тодорхойлолтоос харахад Монгол улсын хөгжлийн өнөөгийн чиг хандлагыг зөв гэж хэлж боломгүй юм.

Аливаа хөгжингүй орнуудын хөгжлийн тулгуур баганыг харахад, олон жилийн мэдлэг туршлага, хөдөлмөр зүтгэл дээр үндэслэсэн үнэ цэнийн үйлдвэрлэл байдаг. Дэлхийд тэргүүлэгч эдийн засаг бүхий Америк улсын хөгжлийн тулгуур баганыг авч үзэхэд үйлчилгээний салбар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, шинэ технологи дээр суурилсан үйлдвэрлэлийн салбар дээр тулгуурласан байдаг. Өөрөөр хэлбэл, тэд бүтээгдэхүүн үйлчилгээ мэдлэгийг үйлдвэрлэж, баялгийг бүтээж үнэ цэнийн үйлдвэрлэл явуулсны үндсэн дээр эдийн засаг нь хөгжсөн билээ.Япон улсын хөгжлийн тулгуур баганыг харахад ч дэлхийд тэргүүлэгч техник технологийг бүтээн, үүн дээрээ тулгуурласан үйлдвэрлэлийн салбар дээр эдийн засаг нь тогнож байдаг. Хэдийгээр байгалын баялаг байхгүй, газар нутаг жижигтэй ч хүмүүс нь нэгдэн нийлж үнэ цэнийн үйлдвэрлэл явуулснаараа тийм өндөрлөгт хүрсэн юм.

Тэгвэл Монгол улс сүүлийн 10 жилийн хугацаанд ДНБ 8 дахин өсч, эдийн засаг нь өсч буй мэт харагдавч, үнэн хэрэгтээ энэ бүхэн бол байгалын баялгаа ухаж зарснаас орж ирсэн мөнгө билээ. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн голлох магадгүй цорын ганц салбар нь уул уурхай бөгөөд экспортийнх нь99 хувийг эрдэс баялаг эзэлж байна. Дээрээс нь эдгээр эрдэс баялгийг ямар ч боловсруулалт буюу үнэ цэнийн нэмүү үйлдвэрлэл хийлгүйгээр шууд гадны зах зээлд борлуулж байгаа бөгөөд үүнээс орж ирсэн мөнгийг ч ирээдүйд хэрэг болохуйц хөрөнгө оруулалтад зориулалгүй, ард түмэндээ хуваарилан өгч байсан. Мөнгө гэдэг маань өөрөө юу ч биш, ердөө баялгийг хэмжих нэгж байтал, өнөөдрийн Монгол улс баялгийг бус мөнгийг үйлдвэрлээд байгаа мэт.

Тэгвэл Монгол улс нэмүү үнэ цэнийн үйлдвэрлэл явуулж чадахгүй байгаа нь ард түмэн зөв зохион байгуулалтанд орж чадаагүй, юу хийж юун дээр түшиглэн хөгжих талаар нэгдсэн нэг ойлголт байхгүй байгаагаас болсон болов уу. Ардчилсан улс төрийн системтэй чөлөөт эдийн засагтай улс гэх боловч энэ бүхнийг явуулах систем тогтолцоо өөрөө маш сул байгаагаас эдгээр нь жинхэнэ утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа юм болов уу. Тэгвэл хүчирхэг тогтолцоо бүрэлдэн бий болоход шинжлэх ухаанч зөв мэдлэг мэдээлэл дээр тулгуурласан менежмэнт маш чухал үүргийг гүйцэтгэнэ гэж бодогдох юм. Өнөөдөр манайд аль ч түвшинд, улсын хувийн аль ч секторт үнэн зөв судалгаа шинжилгээг үйл ажиллагаандаа ашиглаж буй байгууллага маш ховор байгаа нь харамсалтай. Аливаа улс оронд зөв зүйтэй менежмэнтийн арга барилыг нэвтрүүлж, ард олныг мэдээллээр хангах зэрэг зүйлсийг хувийн хэвшлийн байгууллагууд ихэвчлэн хийсэн байдаг.Харин Монголын нөхцөлд хувийн хэвшлүүд нь үйл ажиллагаагаа байх ёстой утгаар нь явуулж чадахгүй байгаа нь магадгүй улс төр болон эдийн засгийн зааг тодорхой бус(тогтолцоо муу) байгаагаас үүдэлтэй байж болох юм. Өөрөөр хэлбэл тогтолцоо муу учир менежмэнтийг нэвтрүүлж чадахгүй,менежмэнтийг нэвтрүүлж чадахгүй байгаа учраас эргээд тогтолцоо муу гэсэн эргэх холбооноос гарч чадалгүй байгаа юм болов уу.

Эцэст нь энэ бүхнийг дүгнэж хэлэхэд менежмэнт муу байгаагаас хөгжилд хүрэх зам тогтолцоо нь тодорхойгүй, зам нь тодорхойгүй учраас нэмүү үнэ цэнийн үйлдвэрлэлийг явуулж чадахгүй, нэмүү үнэ цэнийн үйлдвэрлэлийг явуулж чадахгүй байгаагаас өнөөгийн Монголын хөгжлийн чиг хандлага буруу байна. Тэгвэл миний бодлоор энэ бүхнээс гарах гарц нь товчхондоо, нэн тэргүүнд улс төр болон эдийн засгийн заагийг тодорхой болгох, боловсрол болон шинжлэх ухааны салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийх, хувийн хэвшлүүд өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй салбартаа мэдлэг мэдээлэлд тулгуурласан менежмэнтийг нэвтрүүлэх зэрэг зүйлсүүд байх юм.

Sunday, July 22, 2012

Хөгжил


Хоёр сар амарсны эцэст нэгэн ажилд орлоо. Хоёр жил гарны өмнө энэ компанид орох юмсан гэж бодож байсан, бас тэр үедээ боломжгүй юм шиг санагдаж байсан газартаа нэг мэдсэн чинь орчихсон байх юм. Хүн ер нь мөрөөдөөд л байвал бүтээд л байдаг юм шиг ээ. Бодлын хүчний талаар “Нууц” гээд нэг ном байдаг даа. Яг л тэрэн дээрх шиг, анзаараад харахаар урд нь бодож мөрөөдөж байсан ихэнх зүйл минь биелэлээ олсон байх юм.

Тиймээс сүүлийн үед би Монгол орон минь “сайн” хөгжлөөр хөгжин, мандан бадраасай гэж дандаа бодох болсон. Хүн бүр л үүнийг бодоод, өөр өөрсдийн салбартаа хүчээ өргөж байхад бүтэхгүй зүйл гэж хаана байхав. Гэхдээ хөгжил гэж юу вэ? Энэ талаар өөрийн бодлоо хуваалцъя.
Явцуу утгаар хөгжил гэдгийг урд өмнөхөөсөө илүү боловсронгуй болох үйл явц гэж ойлгож болох байх. Гэхдээ хөгжил нь магадгүй хүн бүрт л өөр өөр нөлөө үзүүлнэ. Заримд нь сайн, заримд нь муу. Ерөнхийдөө урт хугацааны туршид ард иргэддээ бүгдэд нь сайн сайхан зүйл авчирч байвал сайн хөгжил болох болов уу. Гэхдээ хүн бүр үүнийг сайн гэж хүлээж авах нь ч эргэлзээтэй. Хүн бүрийн харах өнцөг, хэмжүүр өөр өөр болохоор (Би ч өөрөө магадгүй буруу зүйл бодоод түүндээ итгээд явж байж ч магадгүй). Гэхдээ нэг мартаж болохгүй зүйл нь хүн өөрөө байгалын амьтан. Энэ гараг ертөнц, байгал эх болон бусад ан амьтан бүгд маш нарийн холбоосоор холбогдож байдаг. Үүнийг л өөрчилж, сүйтгэж, бусад амьт бие болон байгал дэлхийдээ гай гамшиг учруулахгүйгээр сайн сайхныг, ая тухтай зүйлсийг авчирч байвал тэр сайн хөгжил байх гэж бодож байна. Гэхдээ агуулга нь ямар ч байлаа , ард иргэд бүгд гэгээрсэн үед л бий болох тэр хөгжил хамгийн төгс хөгжил мөн болов уу.

Тэгвэл өнөөдөр Монгол улс ямар хөгжлөөр замнах хэрэгтэй юм бол оо? Хөгжил гэж магадгүй нэг л зүйл байх. Гэхдээ түүнд хүрэх арга зам, систем тогтолцоо улс бүрт, цаг үе болгонд өөр өөр байсаар ирсэн. Өнөө үед дэлхий дээр зонхилж буй үнэ бүхнийг тодорхойлох зах зээлийн эдийн засгийн тогтолцоо ч олон дутагдалтай гэгддэг. Гэхдээ ямар ч тогтолцоо бай, түүнийг бүрдүүлж буй хүмүүс өөрсдөө тогтолцоог гажуудуулах зүйлсийг бий болгосоор байдагт гол учир байдаг биз. Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт системээс салаад зах зээлийн тогтолцоо руу шилжсэн гэх ч үнэн хэрэгтээ өмнөх системээсээ салж чадаагүй гэж олон хүн шүүмжилдэг. Үнэхээр ч улс төрийн оролцоо хаа сайгүй дэндүү их нь бидний өдөр тутмын амьдралд ч мэдрэгддэг. Тиймээс нэгэнт энэ тогтолцоогоор замнахаар сонгосон л бол улс төрийг эдийн засгаас салгах нь нэн чухал хийх зүйлсийн нэг билээ. Өнөөдөр Монголд хамгийн том нөлөө бүхий байгууллага юу вэ гэхээр төр л байх болов уу. Гэтэл бусад хүчирхэг эдийн засагтай орнуудад нөлөө бүхий том байгууллагууд нь төрөөр хязгаарлагдахгүй. Японы Тоёота, Швейцарийн Nestle зэрэг тив дамнасан компаниуд нь тухайн улсынхаа нөлөөнд байхын аргагүйгээр олон улс оронд үйл ажиллагаа явуулж байдаг. Эдгээр компаниуд нийгэмд баялаг бүтээх, хүмүүсийг ажлын байраар хангах, хувьцаа эзэмшигчиддээ үйл ажиллагааныхаа орлогоос хуваарилах зэрэг үндсэн үйл ажиллагаанаас гадна, энгийн иргэдийг тухайн салбарын мэдлэг мэдээллээр хангах, хэрэглэгчдийн болон нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зэрэг олон давхар үүрэг хүлээж байдаг. Тиймээс ч төрөөс хамааралгүйгээр, нэгэн зорилгын дор нэгдэн нийлж “жинхэнэ” баялгийг бүтээх хүмүүсийн нэгдэл буюу компани байгууллага олноор төрөн гарч, дотооддоо төдийгүй гадаадад үйл ажиллагаа явуулан, эдийн засгаа дэмжин ажиллах нь Монгол орныг хөгжилд хөтлөх нэгэн тодорхой зам биз ээ.
Ажиглаад байхнээ Монголын бүхий л түвшинд дутагдаад байгаа нэг зүйл нь менежмэнт юм шиг. Ихэнх газарт ажил үүргийн хуваарилалт нэг л тодорхойгүй, хэн нь юу хариуцаад хэн нь юу хийх гээд, хэн нь юугаа мэдэх ёстой ч юм бүү мэд ээ. Тус тусдаа ажлаа хийгээд л байдаг. Гэвч эдгээр нь хоорондоо хэрхэн уялдаж холбогдоод байгаа нь тодорхойгүй. Зарим ажил давхардаад, зарим ажлыг хариуцах хүн байхгүй байх нь энүүхэнд. Уг нь манайд зөндөө л мундаг, чадалтай, эрдэмтэй, сэтгэлтэй хүмүүс байгаад байх шиг л байгаа юм. Даанч тэд нарыгаа байх ёстой газар нь байлгаж, хийлгэх ёстой зүйлүүдийг хийлгүүлж чадахгүй байгаад, нэг үгээр хэлэхэд дээр дооргүй менежмэнт гэж зүйл муу байгаад л учир байгаа юм болов уу гэж мөхөс оюундаа мунхаглах юм.

Заа заа баахан л шүүмж бичлээ. Үнэндээ өөрөө хийсэн бүтээсэн зүйлгүй байж бусдыг шүүмжилж байгаадаа ичиж л байна. Гэхдээ бүр юу ч хийхгүй байснаас ядаж үзэл бодлоо илэрхийлж, бусадтай хуваалцах нь нэг алхам юм болов уу гэж бодогдох юм. Зөвхөн энэ мөчид төрсөн бодлоо сийрүүлсэн тул алдаа эндээтэй зүйл байвал өршөөгөөрэй.

Saturday, June 2, 2012

Хүүхдийн баяр

Усан бороо шивэрсэн хүйтэн өдөр байна аа. Гэхдээ нэг сайн ороод ногоо зүлгийг услаад, тоос шороог дараад өгөөсэй. 
Өчигдөр буюу 6 сарын 1-нд My Club-ийн залуустай хамтран "Хүүхэд бүхэн хөөрхөн" гэсэн уриан дор ээж аав нь ажилтайгаас болоод баярлаж чаддаггүй, эсвэл баярлах бололцоогүй 200 хүүхдүүдийг баярлуулах аянд оролцоод ирлээ. Нийт таван багт хуваагдан хотын захын хороолол руу явснаас манай баг Баянхошуугийн эцэс рүү явсан юм. Хэд хэдэн айлаар орсноос хамгийн сүүлд орсон айл үнэхээр элэг эмтэрмээр байлаа. Оршуулгийн газрын дэргэд хашаа ч үгүй ноорхой гэрт 4 маш хөөрхөн боловч халтайсан хүүхдүүд байж байх юм. Бэлгээ өгөхөд тэдний баярлаж байгаа гэж жигтэйхэн. 

Гэхдээ эндээс бас нэгэн бодол төрлөө. Хүн ядуу байж болно, мөнгөгүй байж болно. Гэхдээ дээрээс нь замбараагүй бохир халтар сууж байгаа нь тэдгээр хүмүүсийн цэвэр арчааны асуудал юм даа гэж. Ядуу ч гэсэн цэвэр цэмцгэр суудаг, амьдралын төлөө тэмцдэг хүмүүс байхад, улсаас бэлэн мөнгө горьдоод, ядуу тарчигаа шалтаг болгон бусдаар өрөвдүүлж халтайж суудаг арчаагүй хүмүүс дийлэнх нь юм шиг. 
Улсын бодлого нь ч иргэдээ ийм байхыг нь хөхүүлэн дэмжээд байгаа ч юм шиг. Усны адаг эхээсээ гэгчээр улсын явуулаад буй бодлогууд нь өнөө маргаашаа харсан, урт хугацаанд Монголын ирээдүй юу болж хувирах нь тодорхойгүй. Энэ бол өнөөгийн Монголын нийгэм. 
Уг нь түүхийн олон нугачаанд Монгол хэмээх үндэстэн, Монгол хэмээх улс орон устчихалгүй өнөөг хүртэл оршин тогтносоор ирсэн нь  үнэхээр азтай бөгөөд олон хүний цусаар сольсон элэг эмтрүүлэм түүх байсаар байтал, өнөөдөр ингээд өөрөө өөрсдийнхөө мунхагаас болж доройтно гэхээр бүүр ч гунигтай. Гэхдээ, доройтуулахгүй ээ улсаа. Олон сэтгэл сайтай залуус байхад Монголын минь ирээдүй гэрэлтэй гэдэгт би итгэдэг!
 

Sunday, April 29, 2012

Хийсвэрээр сэтгэгч Монголчууд. Дутагдал уу, давуу тал уу?

Анх Монголдоо төгсөж ирээд анзаарсан Монголчуудын маань ерөнхий нэг дутагдалтай тал нь аливааг хэтэрхий хийсвэрээр, хэтэрхий томоор харж сэтгээд байдагт юм болов уу гэж бодогдож байлаа. Хийж чадахааргүй том том юм яриад, тэгээд мэдээж хийж чадахгүй. Японд ийм том юм ярьсан хүнтэй бараг таарч байгаагүй. Тэд хийж чадах хэмжээндээ л бодож сэтгээд, тэрнийхээ дагуу төлөвлөөд бүгдийг хийдэг.

Гэхдээ бусдыг шүүмжлэлтгүй би ч бас тийм байсан. Одоо ч тэр хэвээрээ байж магадгүй. Японд групп ворк хийхээр л судлах боломжгүйг нь мэдсээр хэрнээ аягүй томоор сэтгээд ерөөсөө болдоггүй байсан юм. Магадгүй энэ нь 抽象的 (Abstract, Хийсвэр), 具体的 (Concrete, Бодит) хоёр сэтгэлгээний ялгаа байх л даа. Энэ хоёрыг ялгаж ойлгох гэж би бас хөөрхөн будилдаг байсан даа.
Анх Японд очоод яагаад бизнес сурмаар байгаагаа бич гэхэд, энэ нь их хэрэгтэй мэргэжил, надад таалагддаг, Монголд энэ салбарын хөгжил хэрэгтэй гээд л ярьлаа. Япон багш толгой сэгсрээд л, наадах чинь чиний шалтгаан биш хэтэрхий хийсвэр байна яг өөрийнхөө яагаад ингэж шийдсэнээ бодит жишээгээр бич гэлээ. Бодоод бодоод үеийнхэн маань ихэнх нь энэ чиглэлээр суралцах гэж байгаа. Бусдаас онцгой авьяас болон хүчтэй хүсэл эрмэлзэл байхгүй байсан болохоор л яг үнэндээ урсгалаа дагаж энэ мэргэжлийг сонгосон гэхээс өөр хариулт бодож чадахгүй байлаа. Гэхдээ сайн бодсоны эцэст, дунд ангид байхдаа утасны гэр болон цүнх нэхэж зардаг байсан, том болоод бизнес эрхэлж, улс орондоо баялгийг бүтээнэ гэж бичээд нэг юм багшийн сэтгэлд нийцэж билээ.
Магадгүй энэ сэтгэлгээний ялгаа нь боловсролын системдээ байж болох юм. Монгол гэлтгүй хөгжиж буй бусад орны хүмүүст ч энэ дутагдал байх шиг харагдсан. Гэхдээ өөр талаас нь харвал энэ нь дутагдал биш эсрэгээрээ давуу тал ч байж болох юм. Хууль дүрмийнхээ дагуу үүргээ сайн биелүүлээд явж байхад, элдэв эрсдэлгүй сайхан амьдарч болох өндөр хөгжилтэй оронд төрж өсөхөөрөө хүн хэтэрхий систэмтэй, муугаар хэлвэл хэтэрхий хайрцаган дотор сэтгээд байдаг болчихдог байж болох юм. Ингээд бодохоор системлэг сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ хоёр маань урвуу хамааралтай зүйл үү? Эсвэл хийсвэр сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ хоёр маань өөр зүйл үү? Ямартай ч улс орны хөгжил хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлдөг, мөн улс орон ямар хөгжлийн түвшинд явж байгаагаас шалтгаалаад түүнд  хэрэг болох хүмүүсийн сэтгэлгээний түвшин ч өөр бололтой.

Эцэст нь хэлэхэд Монголд боловсорсон хүмүүс ихэвчлэн систэмлэг бус хийсвэрээр сэтгэдэг, энэ нь өнөөдрийн нийгэмд аливаа ажил хийж бүтээхэд саад болоод байгаа нэг дутагдал юм гэдгийг л анзаарснаа бичих гэж оролдлоо. Хүн бүр чадах хэмжээндээ нийгэмдээ хандсан жижиг гэлтгүй зүйлсийг бодож сэтгээд, тэрнийгээ тасралтгүй хэрэгжүүлээд явбал, улс орон минь ч хурдан хөгжих болов уу.

Tuesday, April 10, 2012

Монголдоо ирлээ

Таван жилийн дараа гэртээ бүр мөсөн эргэн ирлээ.

Монголд хүмүүс харилцааны соёлгүй, бүдүүлэг, ажил төрөл бүтдэггүй, шороотой утаатай хүйтэн, дэлгүүрт орохоор юмнууд нь үнэтэй, тэгсэн мөртлөө цалин бага гээд л янз бүрийн яриа сонсоод битүүхэндээ санаа зовж л байлаа. Гэхдээ ирээд долоо хоноход намайг ирэхийг хоног тоолон хүлээсэн ээж, гэр бүлийхэн, удаан уулзаагүй найз нөхөд, өөрчлөгдөн хөгжиж буй төрөлх хот энэ бүхнээ хараад сэтгэл нэг л дүүрэн болчихлоо. Улаанбаатарт нарны гэрэл яасан их тусдаг юм бэ, өдөр яасан гоё урт юм бэ, сар яасан том харагддаг юм бэ гээд л урд нь анзаардаггүй байсан зүйлүүдээ хараад л баясаад явж байна.

Гэхдээ мэдээж үүний хажуугаар хийж цэгцлэхгүй бол болохгүй нь гэсэн зүйлүүд ч зөндөө байна аа. Хогонд дарагдсан хорооллууд, ядуу хүмүүс, эвдэрхий замууд, аймшигтай замын түгжрэл, дүрмээ барьдаггүй жолооч болон явган хүмүүс, утгагүй мөнгө тараалт, эмх замбараагүй сүлжээ нь байнга тасардаг "Дүүрэг", мөрөөрөө яваад ажил бүтдэггүй төрийн албан газрууд, муудсан ногоо жимс зардаг хүнсний дэлгүүрүүд (олон янзын сүүн болон гурилан бүтээгдэхүүн өөрсдөө хийдэг болсон нь сайшаалтай ч), утас эвдлэнгээ алддаг утас засварчид гэх мэт.
Ерөнхийдөө хувийн хэвшлүүд, компаниуд, банкнууд дээр очиход ажил бүтэмжтэй, үйлчилгээ ч сайтай юм. Төрийн байгууллагууд эсвэл хэнд ч хамаарагдахгүй хэсгүүд?? (уг нь бид бүгдэд хамаарах хэсэг боловч) л бохир заваан, үйлчилгээ муутай хаягдсан орхигдсон юм шиг сэтгэгдэл төрлөө.

Зарим хүмүүс үүнийг "Хөгжиж буй аливаа улс үндэстэн ийм л замыг туулдаг" гэж хэлж магадгүй л дээ. Тийм ч байж магадгүй. Гэхдээ заавал бусад улс орны хөгжлийг даган, алдааг нь ч дуурайх хэрэггүй юм шиг ээ. Хөгжсөнийхөө дараа байгал дэлхийгээ хамгаална гэсээр байтал дахин сэргээгдэхээргүй болчих вий дээ. Тэгээд ч "Хөгжил" гэдэг ойлголтоо зөв тодорхойлох хэрэгтэй юм шиг ээ. За за тэгэхдээ үүнийг ярьвал бас бөөн урт юм болох байх, залхуу хүрэв.

Гэхдээ ихэнх хүмүүс уг нь энэ бүгдийг хүлээн зөвшөөрөөд л, санаа зовж байгаа боловч, энэ чигээр нь хүлээж аваад л байгаад байгааг өөрчлөмөөр юм шиг ээ. Мэдээж хэрэгтэй сайн зүйлс хийж буй хүмүүс ч мэр сэр байгаа ч ихэнх хэсэг хувийн ажилдаа дарагдаад, олон нийтийн ажилд идэвхгүй хандвал тэдгээр хүмүүсийн хүч хөдөлмөр талаар болох юм шиг. Ямартай ч Монголчууд бидэнд, Улаанбаатарчууд бидэнд хийх зүйл зөндөө байгаа шүү.