Saturday, May 25, 2019

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрэгцүүлсэн бодол

Монгол хүмүүс төрөлхийн маш их эрх чөлөөт сэтгэлгээтэй, адал явдалд дуртай, зоригтой гэж би боддог. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм сурч ир, аавын буйд газар үз гээд л ардын хэллэгүүд нь хүртэл залуу хүмүүсээ хайрцагнаасаа гараад юм үзээд ир гэж уриалан дуудсан маягтай. Тийм ч болоод, хүн амынхаа тоотой харьцуулахад, гадаадад явж сурья, ажиллаж туршлага хуримтлуулья гэсэн залуус их байдагт гайхах хэрэггүй биз. Ардын үлгэрт, харин үзэх газраа үзчихээд, эцэст нь эх нутагтаа ирээд амар сайхандаа жаргадаг шүү дээ. Харин манайхан бүгд эргэж ирдэггүй, ирсэнүүд нь надад энд байх орон зай алга гэсэн ойлголттойгоор эргээд яваад өгөх нь элбэг харагддаг.

Мэдээж гадаадад олон жил болоход хүний хүлээлт, бас сэтгэлгээ өөр болно. Монголд маань ч жижиг улс, тэр тусмаа хөгжиж буй улс тул өөрчлөлт ч хурдан, тэр тусмаа нийгмийн сэтгэлзүй бүр ч их хувирамтгай. Тэр хоёр давхар өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, дасан зохицоно гэдэг бас тийм ч амаргүй. Нөгөө талаас Монголдоо байгаа хүмүүс тэр болгон гаднаас ирэгсэдийг амархан хүлээгээд авчихдаггүй. Тиймээс дотооддоо байгсад ч, гаднаас ирэгсэд ч өөрсдийгээ хэн болохыг харуулах гээд мөргөлдөөн үүснэ. Жамаараа бол яваандаа ойлголцоод, байр байраа олоод, хамтраад эвтэй найртай болох л учиртай. Нэгэнт л эх орон чинь юм чинь гаднаас ирэгсэдэд ч орон зай байж л таараа, байхгүй байсан ч дотооддоо байгсадаас зөвшөөрөл хүлээлгүй өөрсдөө орон зай гаргаад амьдрахад болж л таараа.

Би ч бас хээрийн галууны үлгэрээр л явсан, 11 жилд нарны орон ба индианчуудын оронд, нийтдээ 4 хотод амьдарч, үзэхээ үзэж, сурахаа сураад л явна. Зүрхэндээ эх үндэсээ санагалзаж, эх нутагтаа очиж амар сайхандаа жаргах хүсэл тээгээд л явдаг. Гэхдээ түүнийхээ хажуугаар эх нутаг минь намайг хүлээж авах болов уу, амар сайхандаа жаргаж чадах болов уу гэсэн айдас ч бас дагаастайг нуух юун. Анх нарны орноос сургуулиа төгсөж ирээд эх нутагтаа нэг жил ажиллахдаа анзаарсан зүйлсээ индианчуудын нутагт ирээд ажилласан туршлагатайгаа харьцуулаад бодлоо. Хөгжлийн болон соёлын хувьд өөр хоёр газрыг шууд харьцуулж мэдээж болохгүй ч, хүмүүс яагаад буцаад яваад өгдөгийг ойлгох гэж хичээсэн хүний хувьд өөрт тохиолдсон энгийн жишээгээр харьцуулаад бичлээ. Зүгээр л хувийн туршлагаа ямар нэг шүүлтүүргүй бичих гэж хичээсэн тул өөрт тань хамааралтай зүйл байгаа бол хүндээр тусгаж битгий аваарай.


Ажилд орсон эхний өдөр.
Монголд.
Оффис дээр яваад очлоо. Үүдний ресепшэн дээр очоод би шинээр орж байгаа хүн байна гэдгээ хэллээ. Дотогш орлоо, админ болон АйТи-ийн хүнтэй уулзаж компьютер сэтап хийлгэхээр болов. Шууд бэлэн болохгүй болохоор хүлээгээд сууж бай гээд нэг ширээн дээр суулгачихав. За тэгээд суугаад л байлаа, суугаад л байлаа. Оффист байгаа бусад ажилчид шинээр орж ирсэн хүнийг нэг харчихаад л, хэн нь ч ирж юм ярьсангүй, өөр өөрсдийн ажлаа хийгээд л, зарим нь ажилгүй бололтой (аудитын улирал биш байсан болохоор ажил багатай байсан байх л даа) хоорондоо мар мар хийгээд л. Би ч үл үзэгдэх хүн шиг хэдэн цаг суув. Ганц надтай юм ярьж, шинээр ажилд орсонд угтаж авсан АйТи-ийн залуугаасаа очиж компьютерээ бэлэн болж буйг асуув. Болоогүй ээ л гэнэ. Сүүлдээ ч хийх юмаа олж ядаад, цүнхэн дотроо байсан номоо гаргаж ирээд уншиж эхлэв. Эцсийн эцэст компьютер минь ч бэлэн болж, ажлын цаг дууслаа.
Дараагийн өдөр компьютерээ аваад юу хийх үү, хэнээс ажил авах уу гээд асуув. Одоохондоо ажил байхгүй болохоор, өөрөө компанийн сургалтын системээс хичээл үзээд сууж бай гэв. Хичээл үзээд л байлаа, үзээд л байлаа, нэг мэдэхэд ганцаараа нэг сар хичээллэсэн байв.

Америкт.
Оффис дээр яваад очлоо. Үүдний ресепшэн дээр очоод би шинээр орж байгаа хүн байна гэдгээ хэллээ. Сайн байна уу, нэр чинь хэн билээ, юуны өмнө манай компанид орж байгаад баяр хүргэя гээд угтлаа. Бэлдээд тавьсан миний нэртэй энгэрийн зүүлт өгөөд, тэр танхим руу ор гэж зааж өгөв. Танхимд ортол шинээр ажилд орж буй хүмүүс бүгд суучихсан, хоорондоо танилцаад, шинэ ажилчдыг угтаж авдаг багийнхан хоёр өдөр оффис доторх техник технологийг яаж хэрэглэх, хаана юу байдаг, яаж ширээгээ захиалж суух гэх мэт бүх л хэрэгтэй зүйлсийг зааж өгөв. Үргэлжлээд хоёр долоо хоногийн мэргэжлийн сургалт хийв. Бас аудитор хүний ажлын ухамсар, ёс суртахууны талаар хичээл заалаа. Энэ хугацаанд таарсан хүн болгон л мэндлээд л, шинээр ажилд орсонд баяр хүргээд л байлаа. Сургалтын үеэр оройдоо бүгд хамтд хоолонд орж байсан ба хамгийн сэтгэлд үлдсэн нь, нэгэн оройн хоолны үеэр Нью Йорк оффисын аудитын хамгийн том партнер ирчихсэн, шинээр ажилд орсон хүн бүртэй нэг бүрчлэн очиж юм ярьж, баяр хүргэж байлаа.


Анхны томилгоо буюу fieldwork.
Монголд.
Ашгүй нэг юм ажил дээр хуваарилагдах болов. Манай баг 1 менежер, 1 ахлах аудитор, тэгээд би туслах аудитор гэсэн бүрэлдэхүүнтэй харилцагч дээр очлоо. Нэг ширээн дээр намайг суулгаж орхиод, ахлах маань маш завгүй ажлаа хийгээд л байлаа. Надтай ч юм ярих заавар өгөх завгүй. Би ч саад болчих юм шиг санагдаад л, өөрөө ирж заавар өгөхийг нь хүлээгээд л байлаа. Менежер нь арай гайгүй юм шиг харагдахаар нь очоод юу хийх вэ гэв. Ахлах чинь ажил өгөх байх, гэхдээ тэр болтол бэлэн мөнгөний аудит хийж бай гэв. Яг үнэндээ тэр үед бэлэн мөнгөний аудит яаж хийх талаар ямар ч ойлголт байгаагүй л дээ. Хэдийгээр гадаадад онц сайн сураад төгсөөд ирсэн ч ажлын туршлага огт байхгүй бол юу хийхээ мэдэхгүй шүү дээ. Заа ямартаа ч өнгөрсөн жилийн материалуудтай танилцаад, өөрийнхөө ойлгосноор л “аудит” хийж эхлэв. Тухайн үед, хэн ч надад ингэж аудит хий гэж зааж өгөөгүй, тэнд байсан ажилчид ч бас хэн нь ч хэндээ зааж өгдөггүй, өөрсдөө л өнгөрсөн жилийнхээ материалийг үзээд ойлгох нь ойлгоод, өөр өөрсдийнхөөрөө л сураад, ажлаа хийгээд явдаг санагдсан. Энэ янзаараа нэг жилийн хугацаанд хэд хэдэн харилцагчийн тайланг “аудит” хийсэн дээ.
Аан тийн, нэг жилийн хугацаанд би үе үе л ажилгүй болчихдог байсан. Компани хэрэгцээнээсээ илүү их хүн ажилд авчихсан юм шиг байгаа юм. Тэгээд заримдаа нэг орчуулгын ажил орж ирнэ, орж ирэхгүй бол тэгээд л зүгээр суугаад байдаг байлаа. Цалин аваад зүгээр суугаад байх чинь их хэцүү юм билээ, гэм хийж байгаа юм шиг. Тэгээд байж байтал, ресепшэний охин ажлаасаа гараад ресепшэнгүй болчихсон гэхээр нь, ажилгүй сууж байхаар ресепшэн ч болтугай хийе гээд, нэг хоёр сар ресепшэн хийж билээ.

Америкт.  
Намайг ажилд орж ирэхээс ч өмнө дараагийн нэгээс хоёр жилд намайг ямар харилцагч дээр ямар багт ажиллуулахаа аль хэдийн шийдчихсэн байсан. Компани ч дараагийн нэгээс хоёр жилийн хэрэгцээн дээрээ үндэслэж, тухайн жилд хэдэн шинэ ажилчид авахаа шийддэг юм билээ. Дотоод системээсээ хэнтэй ажиллахаа хараад, ахлах аудитор луугаа имэйл бичлээ. Ахлах маань ч хэзээнээс эхэлж, хаана очиж ажиллах гэх мэт мэдээлэл өгөөд, өөрөө машин барьдаг бол харилцагч дээр шууд уулзая, чаддаггүй бол хамтдаа өглөө уулзаад явья гэлээ. Би ч шинэхэн жолооч ганцаараа Нью Йоркт машин бариад явна гэхээс айгаад хамтдаа явья л гэлээ. Эхний өдөр очтол тэр жилдээ намайг ямар аккаунтууд дээр ажиллуулахаа аль хэдийн бэлдээд тавчихсан, шалгах ёстой материалууд эхнээсээ ирчихсэн байв. Ахлах маань ч эхний хэдэн жишээг өөрөө хийж үзүүлээд, яагаад энэ тестийг хийж байгааг тайлбарлаж өгөв. Зөрүүтэй юм гарвал хамтдаа харилцагч дээр очиж яагаад зөрүүтэй байгаа талаар тайлбар авч, яаж үүнийг шийдэх вэ, ямар эрсдэл байна вэ гэдгийг тайлбарлаж өгөв. Дараагийн удаанаас зөрүүтэй зүйл гарвал, харилцагчаас асуугаад ир, мэдэхгүй бол мэддэг хүнийг нь асуугаад, тэр хүнтэй нь ярилцлага хийгээд ир гэх мэтээр явуулна. Зөвхөн бичиг баримт шалгахаас гадна маш их хүнтэй уулзаж ярилцлага хийх шаардлагатай болж байлаа. Би ч төрөлхийн үг цөөтэй, хүнтэй шууд ярихаас имэйл бичихийг илүүд үздэг, бас хэтэрхий хурдан ярьчихаар сайн ойлгохгүй тохиолдол байсан болохоор хэрэндээ л стрессддэг байлаа. Шинэхэн ажилчдыг бас хурлын протокол хөтлөх ажил их хийлгэнэ. Янз бүрийн акцэнттэй хүмүүсийн яриаг бичиж тэмдэглэж авах гэж бас бөөн юм болно шүү дээ. Бараа материаллын тооллого бас их хийнэ. Агуулахууд ер нь хотын гадна байх тул, ганцаараа хэдэн цаг машин барьж явах тохиолдол гарна. Дөнгөж жолооны үнэмлэхээ авчихаад 2 сарын дараа тооллого хийхээр ганцаараа хурдны замаар машин бариад бөөн айдас хүйдэстэй явж байснаа мартдаггүй. Аудитын улирлын үзэр өдөрт дунджаар 11 – 15 цаг ажиллана. Энэ янзаараа хэдэн хэдэн харилцагч дээр, заримдаа өөр муж руу ч томилогдож хонон өнжин их явдаг байлаа. Ерөнхийдөө эндэхийн компани хүний потенциалыг нь тултал нь ашиглаж ажиллуулдаг юм шиг санагдсан. Заримдаа өөрийгөө голж, шантарч, гэртээ харихдаа уйлаад явдаг байсан ч, эргээд харахнээ энэ хугацаанд зөвхөн мэргэжлийн гэлтгүй хувь хүн талаасаа ч маш их юм сурсан санагддаг.


Байгууллагын уур амьсгал болон дотоод зарчим
Хүн болгон л хэлдэг бас мэддэг, Монголд дарга болон тусмаа гэдийж, хүнтэй ч мэндлэхээ больдог. Харин эсрэгээрээ Америкт, хамгийн том босс маань хамгийн сайхан ааштай хүн байдаг. Хамгийн шинэков ажилчдыг ч хүртэл хүндэлж харьцаж, талархсанаа илэрхийлж байдаг. Тийм ч болохоороо олон хүний итгэлийг дааж, бусад нь тэр хүнийг боссоороо сонгодог байх л даа.

Гэхдээ үргэлж сайхан зантай байгаад хүн болгоны толгойг илээд байна гэж юу байхав. Муу мэдээг ч гэсэн хүргэх л хэрэгтэй. Хамгийн гол нь шударга зарчмаар хүмүүсээ урамшуулж, халж, дэвшүүлж чаддаг, тэр зарчмуудаа ажилтан бүр мэддэг, баримталдаг. Тиймээс ч тэр зарчмууд нь байгууллагын хөгжлийн түлхүүр болж чаддаг. Манай компаниудад эсрэгээрээ зарчмууд нь тодорхойгүй, хувь хүн үзэмжээрээ их шийдвэр гаргадаг юм шиг ажиглагддаг. Тэрний бас нэг үндэс нь Монгол хүний өрөвч нинжин зан юм шиг харагддаг. Хэдий сайхан зан юм шиг боловч, хүнийг өрөвдөж ажилд авдаг, өрөвдөж сайн үнэлгээ өгдөг, өрөвдөж сонгуульд саналаа өгдөг. Энэ маань өөрөө шударга ёсны зарчмуудад маш их саад учруулж, хөгжлийн саад тотгор болоод байдаг.
Эцэст нь дүгнэхэд, ажилчид бол компанийн хамгийн чухал баялаг гэдгийн Америкийн компаниуд маш сайн ойлгосон байдаг, түүнийгээ ч ажилчиддаа байнга мэдрүүлж байдаг. Хэчнээн их ажиллаж, ажилласан цагтайгаа харьцуулахад бага цалин авч, стрессдэж байсан ч, би тэр компанидаа “маш хэрэгтэй хүн” юм чинь баяртайгаар ажлаа хийгээд л байхгүй яахав дээ. Тэр л мэдрэмжийг ажилчиддаа өгч чаддагаараа хүнийг татаад байлгаад байдаг байх л даа.

Залруурга:
Хэдий шүүмж бичлээ ч Монголдоо ажиллаж амьдрахад надад маш гоё байсан гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Хамт олон маань ч маш сайхан байсан, ажлынхантайгаа маш сайн найзууд болцгоосон. Бас намайг ажилд авч ажиллуулсан байгууллагадаа ч баярлаж явдаг. Монгол дахь энэ нөхцөл байдал бол хувь хүний буруу биш, ердөө л системдээ асуудал байгаа гэдгийг хүн бүр л хэлдэг, би ч түүнтэй санал нийлдэг. Намайг ажиллаж байснаас хойш 7 жил өнгөрсөн. Энэ хугацаанд ч маш их зүйл өөрчлөгдсөн биз. Аль болох обьектив байдлаар өөрт тохиолдсон жишээгээ харьцуулах гэж хичээснийг минь ойлгоорой.