Thursday, October 18, 2012

Сонирхолтой эдийн засаг


          Би эдийн засгийн онолын хичээлд тийм ч дуртай биш л дээ. Хэтэрхий их хэцүү математик яриад, яг тэр нь амьдралд хэр ойр байдаг юм бол гэж гайхдаг. Тиймээс ч арай илүү практиктай ойр юм судлая гэж бодсоор ирсэн. Магадгүй ингэж бодсон маань энэ салбарт сонирхолгүйдээ гэхээсээ илүү математикийг нь чаддаггүй болохоороо зугтаж явсаар ирсэн гэвэл илүү үнэнд ойр байх. Харин энд маш их таалагдсан нэгэн эдийн засгийн онолын талаар бичье. Хитоцүбаши Их сургуульд байхдаа Хорст Хануш профессорын лекцнээс сонссоноо товчлоод орууллаа. Энэхүү онол нь сүүлийн үед ялангуяа Москвад их моданд орж байгаа юм гэсэн.

Шумпетрийн шинэ нийлмэл онол  (Comprehensive Neo Schumpeterian Economics)

          Шумпетрийн онолд эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөх хүч нь инноваци ба энэ нь эдийн засгийн хөгжлийн хэвийн урсгалыг эвдэж, цоо шинэ өндөрлөгт хүргэнэ хэмээн үздэг. Ингэхдээ өмнө байсан хэв маягийг эвдэж, шинэ зах зээлийг бий болгох ба энэ үйл явцын гол тоглогч нь интрепрёнр болон компанийн судалгаа хөгжлийн хэлтэс хэмээн үздэг байна. Хэдийгээр энэ динамик процессийг судалснаар эдийн засгийн хөгжлийг тайлбарлаж болох авч, өнөөг хүртэлх судалгаанд нийт эдийн засгийн зөвхөн бодит үйлдвэрлэл талыг анхаарсаар ирсэн хэмээн Хануш багш үзсэн байна. Тиймээс Шумпетрийн шинэ нийлмэл онолдоо тэрээр санхүүгийн салбар болон улсын салбарын чухлыг мөн онцолжээ.

          Өөрөөр хэлбэл, аливаа улсын эдийн засгийн хөгжил гурван багана дээр тогтдог ба эдгээр нь үйлдвэрлэл буюу бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл, улсын салбар гурав юм. Эдгээр гурван баганын жигд өсөлтөөр нийт эдийн засгийн хөгжил тодорхойлогдох ба аль нэг баганын дутуу дулимаг хөгжил нь нийт эдийн засгийн хөгжлийг хязгаарладаг байна. Эдгээр баганууд нь хоорондоо нягт уялдаатайгаар харилцан бие биедээ нөлөөлөх замаар хөгжиж явдаг. Тэгвэл багана тус бүрийн талаар цухас дурдъя.
          Үйлдвэрлэлийн салбар нь улс орны баялаг бүтээх гол талбар бөгөөд энэ салбарын гол тоглогч нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил, компаниуд юм. Мэдээллийн эрин эхлэхтэй холбоотой мэдлэг мэдээллийг дэлхийн хаанаас ч солилцох, олж авах боломж бүрдэн, энэ нь бизнесийн салбарын хөгжлийг улам бүр хурдасган, өрсөлдөөнийг улам бүр ширүүсэхэд нөлөөлж байна. Мэдээллийн эриний нөлөөллөөр глобалчлал хэмээх ойлголт бий болж, улс орны үйлдвэрлэгчид дотооддоо төдийгүй дэлхийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулах боломж болон шаардлага гарч ирсээр байна. Үйлдвэрлэгчид энэ их өөрчлөлтийн давалгаанд тэсэж үлдэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээ холбоотой шинжлэх ухааны нарийн мэдлэг мэдээллийн чухлыг ойлгон, судалгаа хөгжил буюу R&D-д ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна.
 
          Интрепрёнр нь зээл олгогчид хөрөнгө оруулах боломжийг олгодог, зээл олгогч нь интрепрёнрт хөрөнгө олж авах боломжийг нээж өгдөг хэмээн Шумпетр энэ хоёрын салшгүй холбоог дурдаж байжээ. Өөрөөр хэлбэл зээл олгогч болон хөрөнгийн зах зээл нь бодит эдийн засгийн үйл ажиллагаанаас дутахааргүй чухал юм. Санхүүгийн салбар нь үйлдвэрлэлийн салбарын хөгжилтэй зэрэгцээд байнга өөрчлөгдөн хувьсаж явдаг. Жишээ нь, асар их эрсдэлтэй боловч дэвшилтэт технологи, шинэлэг санаа бүхий вентурууд гарч ирсэнтэй холбоотой вентур хөрөнгө оруулагчид мөн бий болсон нь үүний тод жишээ юм. Хэдийгээр санхүүгийн салбарыг тодорхой бус байдал үргэлж дагаж байдаг ч, урт хугацааны чиг хандлагыг тодорхойлох шаардлагатай. Учир нь хувийн салбар дахь шинэлэг санаа, мэдлэг үйлдвэрлэх процесс нь урт хугацаа шаарддаг ба санхүүгийн салбар, хувийн салбар 2 нь үргэлж хамтдаа хөгжиж явах хэрэгтэй учраас юм. Чухам энэхүү тодорхой бус байдал ба урт хугацааны хандлага хоёрын зөрүүнээс болж бодит эдийн засаг буруу тайлбарлагдан, улмаар санхүүгийн хямрал болдог. Тиймээс санхүүгийн хямралаас сэргийлэхийн тулд мөнгөний бодлого болон төв банкны үүргийг дахин нэг бодолцох хэрэгтэй хэмээжээ. Өнөөгийн төв банкны үүрэг бол хэрэглээний үнийг тогтвортой байлгах, инфляцийг бага хэмжээнд барих явдлаар хязгаарлагдах боловч инновациар хөтлөгдсөн эдийн засгийн хөгжлийн үед эдгээр нь хангалтгүй хэмээжээ. Хануш багшийн үзэж буйгаар төв банк нь бодит эдийн засаг болон санхүүгийн зах зээлийн хоорондын холбоог ажиглаж, үнийн хөөрөгдлийг бус санхүүгийн зах зээлийн хөөрөгдлийг зохицуулахад анхаарах хэрэгтэй аж.

          Инноваци болон бүтээлчээр эвдэн сүйтгэх ажиллагааны үр дүнд зах зээлийн механизмийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг (market failure) ба үүнийг улсын салбарын мэдэлд даатгадаг. Энэ нь хоёр янзаар илэрч болно. Жишээлбэл, эхнийх нь, хувь хүмүүс урт хугацаанд үр дүнгээ өгдөг боловсролын салбарын ач холбогдлыг дутуу үнэлэн энэ чиглэлд хөрөнгө оруулахаас татгалзах буюу инновацийн боломжийг алдах явдал юм. Хоёр дахь нь, технологийн шинэчлэл явагдсаны үр дүнд боловсон хүчний хоцрогдол үүсч, төрийн оролцоогүйгээр үүнээсээ гарч чадахгүй байх явдал юм. Энэ 2 тохиолдолд төрийн урт хугацааны зөв бодлого шаардлагатай. Татварын систем, улсын төсвийн алдагдлын хэмжээ, тэтгэвэр болон эрүүл мэндийн даатгал зэрэг улсын салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө их билээ. Нөгөө талаас улс орны эдийн засаг үйлдвэрлэл өсөх тусам улсын зардлын хэмжээ дагаад ихэсч байдаг (Wagner‘s Law). Тиймээс өсөн нэмэгдсээр буй улсын салбар оролцоо болон тэгш бус хуваарилалтыг үүсгэж эдийн засгийн хөгжилд саад болж болзошгүй хувьчлалын асуудлаас зайлсхийхын тулд Вагнерын хуульд чанарын хэмжээсийг нэмэх нь зүйтэй хэмээн Шумпетр үзжээ.
Өөрөөр хэлбэл нийт эдийн засаг нь үйлдвэрлэл, санхүү, улсын гэсэн 3 баганан дээр тулгуурлан хөгжих ба үүний гол хөдөлгөгч хүч нь инноваци байж, энэхүү хөгжлийг чанарын дэвшил гэсэн хэмжээсээр тодорхойлно гэдэг нь Шумпетрийн шинэ нийлмэл онолын гол санаа юм.

 
          Тэгвэл эдгээр 3 баганыг Америк, Япон, Монгол улсуудын эдийн засгийн хувьд 1980-аад оноос өнөөг хүртэл хэрхэн өөрчлөгдөж ирснийг харцгаая. Үйлдвэрлэлийн баганыг ДНБ-р, санхүүгийн баганыг тухайн улсын бирж дээр бүртгэлтэй компаниудын нийт хувьцааны үнэ цэнээр, улсын салбарын баганыг засгийн газрын зардлаар төлөөлүүлсэн ба ингэхдээ инфляцийн нөлөөллийг хасаагүй болно.

 
          Америкийн хувьд, 1980-иад оноос 2010 он хүртэл үйлдвэрлэл болон санхүүгийн салбар аль аль нь маш хурдацтай өсч, түвшин ч ойролцоо хэмжээнд байна.
 
 

          Харин энэ хугацаанд Япон улсын хувьд үйлдвэрлэл ихээр өссөн боловч, санхүүгийн салбарын үзүүлэлт буурсан байна. Улсын зардлын хувьд мэдээлэл олж чадаагүй боловч, бусад оронтой харьцуулахад ДНБ-д эзлэх хувь нь бага, өсөлт нь ч удаан гэгддэг. Япон улс сүүлийн 20 жилийн туршид “Алдагдсан 20 жил” хэмээх тодотголтойгоор эдийн засгийн өсөлт нь удааширч зогсолтонд орсон нь энэ графикаас харахад тодорхой байх. Бүтээгдэхүүн болон чанарт хэтэрхий их анхаарч, менежмэнтийг орхигдуулсан, ажилчдыг насаар нь ажиллуулах уян хатан бус систем нь үр өгөөжөө өгөхөө больсон, инноваци явагдахаа больсон зэрэг нь гол шалтгаан хэмээн тэд өөрсдөө тайлбарладаг.


          Харин Монголын хувьд энэ 3 үзүүлэлтийг харьцуулахад, үйлдвэрлэлийн салбар ихээр өссөн боловч, санхүүгийн салбар маш сул байгаа нь харагдаж байна. Улсын зардлын хувьд санхүүгийн салбартай адил хэмжээтэй байна. Монголд ардчилал гарснаас хойш олигтой үйлдвэрлэл байхгүй явсаар 2000 он гарч, газрын баялагын олборлолтоор бодит эдийн засаг өсч эхэлсэн. Гэвч ингэхдээ нэмүү үнэ цэнийн үйлдвэрлэл явагдсан гэхээсээ илүүтэйгээр бэлэн баялгийг ухаж зарснаас өссөн өсөлт билээ. Тэгвэл одоогоор Монголын эдийн засгийн хөгжил тогтвор муутай байгаа нь харагдаж байна. Шумпетрийн шинэ нийлмэл онолоор эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхийн тулд  бодит үйлдвэрлэлээс гадна санхүүгийн зах зээл, нийтийн салбарыг хамтад нь жигд авч явах хэрэгтэй юм.

 

Tuesday, October 2, 2012

Монголын хөгжил миний нүдээр

Хөгжил гэдэг нь нэмүү үнэ цэнийн үйлдвэрлэл, баялаг бүтээх үйл явц, харин хөгжилд хүргэх зам нь нэгдэн нийлсэн хүмүүсийн зөв зүйтэй тогтолцоо гэж би ойлгодог. Өөрөөр хэлбэл зөв менежмэнтийн дагуу зохион байгуулагдсан хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн нь хөгжил билээ. Энэ тодорхойлолтоос харахад Монгол улсын хөгжлийн өнөөгийн чиг хандлагыг зөв гэж хэлж боломгүй юм.

Аливаа хөгжингүй орнуудын хөгжлийн тулгуур баганыг харахад, олон жилийн мэдлэг туршлага, хөдөлмөр зүтгэл дээр үндэслэсэн үнэ цэнийн үйлдвэрлэл байдаг. Дэлхийд тэргүүлэгч эдийн засаг бүхий Америк улсын хөгжлийн тулгуур баганыг авч үзэхэд үйлчилгээний салбар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, шинэ технологи дээр суурилсан үйлдвэрлэлийн салбар дээр тулгуурласан байдаг. Өөрөөр хэлбэл, тэд бүтээгдэхүүн үйлчилгээ мэдлэгийг үйлдвэрлэж, баялгийг бүтээж үнэ цэнийн үйлдвэрлэл явуулсны үндсэн дээр эдийн засаг нь хөгжсөн билээ.Япон улсын хөгжлийн тулгуур баганыг харахад ч дэлхийд тэргүүлэгч техник технологийг бүтээн, үүн дээрээ тулгуурласан үйлдвэрлэлийн салбар дээр эдийн засаг нь тогнож байдаг. Хэдийгээр байгалын баялаг байхгүй, газар нутаг жижигтэй ч хүмүүс нь нэгдэн нийлж үнэ цэнийн үйлдвэрлэл явуулснаараа тийм өндөрлөгт хүрсэн юм.

Тэгвэл Монгол улс сүүлийн 10 жилийн хугацаанд ДНБ 8 дахин өсч, эдийн засаг нь өсч буй мэт харагдавч, үнэн хэрэгтээ энэ бүхэн бол байгалын баялгаа ухаж зарснаас орж ирсэн мөнгө билээ. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн голлох магадгүй цорын ганц салбар нь уул уурхай бөгөөд экспортийнх нь99 хувийг эрдэс баялаг эзэлж байна. Дээрээс нь эдгээр эрдэс баялгийг ямар ч боловсруулалт буюу үнэ цэнийн нэмүү үйлдвэрлэл хийлгүйгээр шууд гадны зах зээлд борлуулж байгаа бөгөөд үүнээс орж ирсэн мөнгийг ч ирээдүйд хэрэг болохуйц хөрөнгө оруулалтад зориулалгүй, ард түмэндээ хуваарилан өгч байсан. Мөнгө гэдэг маань өөрөө юу ч биш, ердөө баялгийг хэмжих нэгж байтал, өнөөдрийн Монгол улс баялгийг бус мөнгийг үйлдвэрлээд байгаа мэт.

Тэгвэл Монгол улс нэмүү үнэ цэнийн үйлдвэрлэл явуулж чадахгүй байгаа нь ард түмэн зөв зохион байгуулалтанд орж чадаагүй, юу хийж юун дээр түшиглэн хөгжих талаар нэгдсэн нэг ойлголт байхгүй байгаагаас болсон болов уу. Ардчилсан улс төрийн системтэй чөлөөт эдийн засагтай улс гэх боловч энэ бүхнийг явуулах систем тогтолцоо өөрөө маш сул байгаагаас эдгээр нь жинхэнэ утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа юм болов уу. Тэгвэл хүчирхэг тогтолцоо бүрэлдэн бий болоход шинжлэх ухаанч зөв мэдлэг мэдээлэл дээр тулгуурласан менежмэнт маш чухал үүргийг гүйцэтгэнэ гэж бодогдох юм. Өнөөдөр манайд аль ч түвшинд, улсын хувийн аль ч секторт үнэн зөв судалгаа шинжилгээг үйл ажиллагаандаа ашиглаж буй байгууллага маш ховор байгаа нь харамсалтай. Аливаа улс оронд зөв зүйтэй менежмэнтийн арга барилыг нэвтрүүлж, ард олныг мэдээллээр хангах зэрэг зүйлсийг хувийн хэвшлийн байгууллагууд ихэвчлэн хийсэн байдаг.Харин Монголын нөхцөлд хувийн хэвшлүүд нь үйл ажиллагаагаа байх ёстой утгаар нь явуулж чадахгүй байгаа нь магадгүй улс төр болон эдийн засгийн зааг тодорхой бус(тогтолцоо муу) байгаагаас үүдэлтэй байж болох юм. Өөрөөр хэлбэл тогтолцоо муу учир менежмэнтийг нэвтрүүлж чадахгүй,менежмэнтийг нэвтрүүлж чадахгүй байгаа учраас эргээд тогтолцоо муу гэсэн эргэх холбооноос гарч чадалгүй байгаа юм болов уу.

Эцэст нь энэ бүхнийг дүгнэж хэлэхэд менежмэнт муу байгаагаас хөгжилд хүрэх зам тогтолцоо нь тодорхойгүй, зам нь тодорхойгүй учраас нэмүү үнэ цэнийн үйлдвэрлэлийг явуулж чадахгүй, нэмүү үнэ цэнийн үйлдвэрлэлийг явуулж чадахгүй байгаагаас өнөөгийн Монголын хөгжлийн чиг хандлага буруу байна. Тэгвэл миний бодлоор энэ бүхнээс гарах гарц нь товчхондоо, нэн тэргүүнд улс төр болон эдийн засгийн заагийг тодорхой болгох, боловсрол болон шинжлэх ухааны салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийх, хувийн хэвшлүүд өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй салбартаа мэдлэг мэдээлэлд тулгуурласан менежмэнтийг нэвтрүүлэх зэрэг зүйлсүүд байх юм.