Өдийг болтол нэлээдгүй удаа ярилцлаганд орж, нэлээдгүй удаа бусдаас ярилцлага авч үзсэн. Гэхдээ өчигдрийн ярилцлага нүдийг минь нээгээд өгөх шиг боллоо. Анх удаа л хүн надаас жинхэнээсээ намайг ойлгох гэж хичээж ярилцах шиг сэтгэгдэл төрсөн. Жинхэнэ ярилцлага гэдэг л тэр байх.
Өдийг болтол би ярилцлаганд орсоор байгаад надаас хүн юу асууж болох уу, түүнд нь би яаж хариулах уу гэдгээ ч бэлдчихсэн байдаг. Асуултанд хариулахдаа өөрийн давуу тал болон сул талаа гаргасан тодорхой жишээтэй хариулаад, давуу талаа хэрхэн зөв ашигладаг, сул талаа хэрхэн анзаарч, ямар тактик баримталж даван туулдаг гэдгээ ярихад ерөнхийдөө сайн ярилцлага гэж үздэг. Бусдаас ярилцлага авахдаа ч нөгөө хүн маань яаж хариулвал эерэг үнэлгээ өгөхөө ч бодчихсон байдаг. Ерөнхийдөө хүлээлт үүсгэчихсэн байдаг гэхүү дээ.
Гэхдээ энэ бүх хугацаанд хамгийн чухал орцоо гээчихээд яваад байсныгаа тэрхүү ярилцлага авагчаас л анзаарч харлаа. Genuineness буюу жинхэнээрээ байх. Жинхэнээсээ сонсож, жинхэнээсээ ойлгох гэж ярилцах.
Үнэндээ ярилцлаганд орохоосоо өмнө би бага зэрэг сандралтай байсан, учир нь анх удаа л компаний захирал хүнтэй ярилцах гэж байгаа учраас. Урд нь тийм том компанийн удирдах албан тушаалын хүнтэй би уулзаж ярилцаж байсан удаа байхгүй. Чанга дуутай, хурц ухаантай, айхтар л хүн байгаа байх гэж төсөөлөөд ортол маш тайван ярьдаг хүн байсан. Гол нь яриаг минь анхааралтай сонсоод, үнэхээр л намайг ойлгож мэдэж авах гэсэн шиг асуултууд асуусан. Тэр хүн өөрийнхөө ч алдаа оноо, бахархал, мөрөөдлөө намайг жижиг гэж гололгүй илэн далангүй хуваалцах шиг болсон. Миний асуусан асуултуудад ч маш их сэтгэл гаргаж хариулж өгсөн. Жинхэнэ удирдагч гэдэг ийм байдаг байх. Ийм л учраас бусдын итгэлийг олж, манлайлж, амжилттай яваа байх.
Ярилцлаганд орсныхоо дараагаар би өөрийгөө бусадтай харьцахдаа ингэж жинхэнээрээ байж чаддаг билүү, үр хүүхдүүддээ ч жинхэнээсээ анхаарлаа хандуулж чаддаг билүү гэж маш их эрэгцүүллээ. Өдөр тутмын амьдралдаа завгүй гүйсээр л, бүх юмыг гялс гялс хийж дуусгах гээд л. Хэзээ нэг хүүхдүүдтэйгээ үнэн сэтгэлээсээ ярилцаж байгаагүй ч юм шиг. Ажлынхантайгаа ч дараа нь хариултыг нь санах ч үгүй нөгөө л ярилцдаг сэдвүүдээрээ ярилцсаар, цаг хугацаа урссаар. Дүр эсгэсэн ч юм шиг нэгэн хэвийн өдрүүд үргэлжилсээр. Урсаад одох амьдралын явцад амжиж өөрийн үнэ цэнэтэй зүйлээ олж харж, түүнийгээ бүтээх, хайртай дотно хүмүүстэйгээ хуваалцахын чухлыг л ойлгоод авах шиг боллоо. Ийм чухал хичээлийг олж харахад тусалсан тэр эрхэмд баярлалаа.
No comments:
Post a Comment